
Нийслэл хуучин автомашины импортыг хязгаарлах бодлого баримталж байгаатай холбоотойгоор Улаанбаатарт авто машины улсын дугаар олгохдоо хязгаар тогтоохоор болсон. Тодруулбал, зургаадугаар сарын 1-нээс үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй гэдэг шийдвэр албажих юм. Өөрөөр хэлбэл, та 2015 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашин худалдан авбал Улаанбаатар хотод унах эрхгүй гэсэн үг. Үүнээс гадна Улсын бүртгэлийн дугаарыг ч хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу олгож байгаа. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;
- Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх;
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.
Дээрх 8 шалгуур үзүүлэлтийг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Түүнчлэн автомашинуудыг хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой юм байна.Тиймээс зургаадугаар сарын 1-нээс өмнө торгууль, татвараа төлж байж хөдөлгөөнд оролцоно. Мөн зургаадугаар сарын 1-нээс хойш сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн машин авч байж дугаартай болох аж.